• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Ши, Трампын уулзалтын өмнө гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна

НХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр хоёр тал хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Ши Жиньпин энэ сарын 24-нд Вашингтонд айлчилна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотноо айлчилж байсан билээ. АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эвлэрлийг сунгах төлөв улам тодорхой болж байна. Талууд зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна. Эдгээр арга хэмжээг урьдчилан боловсруулсан 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг харилцан бууруулах төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Үүнтэй зэрэгцэн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй уулзахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоодугаар сард Хэ Лифэн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй уулзан, хоёр улсын эдийн засгийн харилцааны асуудлаар хэлэлцээ хийж байжээ. Бессентийн мэдээлснээр, Вашингтон Бээжингээс газрын ховор элемент, хөдөө аж ахуйн бүтээгдэхүний талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн, талууд эдийн засгийн харилцааны тэнцвэрийг хангах үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохирсон байна.

дэлгэрэнгүй

Япон, БНСУ-г цөмийн зэвсэгтэй болохоор зорьж буйг буруутгав

Япон, БНСУ нь цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж, цөмийн зэвсэгтэй болохоор зорьж байна гэж БНАСАУ-ын батлан хамгаалахын дэд сайд Ким Ган Иль Бээжин хотноо болж буй 13 дахь удаагийн Сяншанийн аюулгүй байдлын форум дээр мэдэгджээ. БНАСАУ нь бүс нутагт энх тайвныг сахиулахын тулд боломжтой бүхий л хүчин чармайлт гаргаж байна. Тус улс нь аливаа асуудалд энхийн замаар шийдвэрлэх байр сууринаас хандан, найдвартай аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим дээр тулгуурлан хурцадмал байдлын голомт болсон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хүчин чахмайлт гаргасаар ирсэн гэж онцолжээ. Тэрбээр, сүүлийн үед дэлхийн энх тайван, тогтвортой байдлын үндэс суурь АНУ болон түүнийг “дагалдагч орнуудын зүгээс явуулж буй тонон дээрэмдэх, геополитикийн хязгааргүй шуналаас” болж ганхан, БНАСАУ-ын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэжээ. БНАСАУ нь дайсагнагч хүчийг сөрөн зогсох цөмийн гүрэн байсаар байна гэж Ким Ган Иль онцлон тэмдэглэжээ. Тус улс нь шударга ёс, тусгаар тогтнолыг эрхэмлэдэг бусад улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлж, олон улсын шударга дэг журмыг тогтоох зорилгоор их гүрний ноёрхол, нэг талыг барьсан аливаа үйлдлийг хамтран сөрнө гэв. Сяншанийн форумыг 2006 оноос хойш Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академиаас жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 100 орчим улс, бүс нутаг болон олон улсын байгууллагын хоёр мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

дэлгэрэнгүй