• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Нийтийн тээврийн зорчилт 2.5 саяар нэмэгдсэн ч төлбөргүй зорчигчдын тоо өсжээ

Нийтийн тээврийн удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-аас жил бүр гаргадаг нийтийн тээврийн статистик мэдээллээ гаргасан байна. Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөө 07.00-08.00 цагийн хооронд, орой 16.00-17.00 цагийн хооронд байх ба нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлж байна. Ажлын болон амралтын өдрийг харьцуулахад зорчилтын хэмжээ амралтын өдөр 39 хувиар буурсан байна.  2024 онд нийтийн тээврийн салбарт 142.7 сая зорчилт бүртгэгджээ. Энэ нь 2023 оны зорчилтоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Зорчилтын тоо өссөн хэдий ч төлбөртэй зорчилт 2023 онтой харьцуулахад 3.9 хувиар буурч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчилтын тоо 11.6 хувиар өсжээ. 2024 оны хувьд иргэд нийтийн тээврээр дөрөвдүгээр сард (13.76 сая зорчилт) хамгийн их үйлчлүүлсэн бол долоодугаар сард (9.26 сая зорчилт) хамгийн бага зорчилт үүсчээ. Харин гарагийн хувьд аваад үзвэл иргэд мягмар гарагт нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлдэг байна. Нийт зорчилтод эзлэх хувиар нь авч үзвэл төлбөртэй том хүний зорчилт 45.5 хувь, төлбөртэй хүүхдийн зорчилт 14.2 хувь, ахмад настан 27.2 хувь, оюутны хөнгөлөлттэй зорчилт 7.4 хувь, ХБИ 5.6 хувь, цусны донорын хөнгөлөлттэй зорчилт 0.1 хувийг эзэлжээ. М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд хамгийн их иргэд зорчжээ Иргэдийн хамгийн их зорчилт хийсэн гурван чиглэл нь, М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд 19 сая зорчилт, М:4(Шар хадны эцэс-Цамбагарав) чиглэлд 5.9 сая зорчилт, Ч:40(Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлд 4 сая зорчилт үүссэн байна. Хамгийн их зорчилт үүссэн М:1 чиглэлийн хувьд хуучин Ч:1 дугаартай байсан ба 2024 оны нэгдүгээр сараас чиглэлийн дугаарыг өөрчлөн М:1 болгосон билээ. 2023 онд тус чиглэлд найман сая зорчилт үүсэж байсан бол 2024 онд зорчилтын тоо 2.38 дахин өссөн байна. Үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөө үзүүлсэн байна. 2024 онд “Эрдэм транс” ХХК-ийн 13-371 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 286048 минут, “Блюбус” ХХК-ийн 04-046 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 276265 минут, “Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ”-ын 02-174 дугаартай тээврийн хэрэгсэл 275954 минут үйлчилгээ үзүүлснээр нийтийн тээвэрт хамгийн олон цагаар үйлчилгээ үзүүлсэн гүйцэтгэлтэй тээврийн хэрэгслүүд болжээ. Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэлийн 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км байна 2024 оны эцсийн байдлаар өссөн дүнгээр буюу 2015 оноос хойш бүртгэгдсэн 660 чиглэл байх ба үүнд жил бүрийн зам засвар, наадам, марафон, шөнийн үйлчилгээ, зуслангийн чиглэл зэрэг улирал, өдрийн арга хэмжээнүүдэд зориулан гаргасан чиглэлүүд мөн багтаж байна. Дээрх чиглэлүүдээс хамгийн урт чиглэл нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байсан. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ чиглэл нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) чиглэл байна. Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд нь Ч:22 (Шадивлан-Чингис СООСЭ) буюу 83 зогсоолтой, Ч:29А (Сэлбэ амралт-Өргөө амаржих газар) буюу 71 зогсоолтой, Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав) буюу 71 зогсоолтой, Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) буюу 71 зогсоолтой байжээ. 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ 2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 59.4 хувь нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ. 2024 оны эцсийн байдлаар Umoney карт цэнэглэх боломжтой 1783 гэрээт цэг байсан байна. Улаанбаатар смарт карт ХХК нь 2017 оноос эхлэн арилжааны банкнуудтай хамтарсан картыг гарган ажиллаж байгаа ба 2024 оны байдлаар Монголын топ 4 банк буюу Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран 3 өөр төрлийн функц /том хүн, хүүхэд, оюутан/ бүхий картыг гаргажээ. Банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт цэнэглэх шаардлагагүйгээр зорчих боломжтой ба энгийн Umoney карттай ижил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх, хүүхдийн хөнгөлөлтэй тарифаар зорчих боломжтой байдаг байна.

дэлгэрэнгүй

21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрчээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд сая 593 мянга 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь юм байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 695 мянга 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Мөн 753 мянга 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна. 21 хүртэлх насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д нь хорт хавдар шинээр оношлогдсон байна.

дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

   14 цаг 25 минут 2023.10.26 Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.    14 цаг 24 минут 2023.10.26 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүд 57.1 саналаар дэмжив. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.    14 цаг 01 минут 2023.10.26 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаан санал хураалтаар үргэлжилж байна.

дэлгэрэнгүй

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээг 2020 онд байгуулсан. Энэ хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн байгууллага, иргэдийн мэдлэгийг нэмэх олон талт ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт болов. МАНАЙ УЛСАД СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 30 ХҮН ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТСӨН Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ 2020 оноос хойш хэрэгжиж байна. Жил болгон АНУ-ын Засгийн газрын төлөөллүүд уг төслийн хэрэгжилттэй танилцдаг. Энэ төслийг Дэлхийн зөн ОУБ, Азийн сангаар дамжуулан хэрэгжүүлж байна. Манай улсад гэмт хэргийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудаас уг төслийг эхлэхэд санал авч, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсон. Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хэрэг манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн маш бага хувийг эзэлдэг ч хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулалтай бүлэглэл үндэстэн дамнаж үйлддэг учраас урьдчилан сэргийлэх нь маш чухал. Бага үйлддэг гэж санаа амралгүй, энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхээр бүх тал хүчин чармайлт гаргаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, насанд хүрээгүй хохирогчдод үзүүлэх тусламжийг сайжруулах нь чухал. Цагдаа, прокурор, шүүгч нэгдсэн ойлголттой бол энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд тохирсон ял онооно. Монголд хүн худалдаалахтай тэмцэх хуульд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг нарийвчлан зохицуулаагүй. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд маш нарийн заасан. Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн нэгнийг хүчээр хулгайлахаас гадна, хөдөлмөр, бэлгийн мөлжлөг хамаарна. Хүүхдээр хориотой, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол бий. Иймд хохирогч хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ тодорхой, чанартай, хүртээмжтэй байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцож байгаа хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалахад ээлтэй орчин хэрэгтэй. Тиймээс бид хэд хэдэн мэдүүлгийн өрөөг тохижууллаа. Энэ зөвхөн өрөөний тухай асуудал биш. Тухайн өрөөг зориулалтын дагуу ашиглах, мөрдөгч, бусад холбогдох хүмүүс хүүхдээс хэрхэн мэдүүлэг авах, сэтгэлзүйн төвтэй сургалтууд явуулав. Энэ төрлийн гэмт хэргийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг ч хийж байна. Иргэдийн хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт зөв болсноор өөрийгөө болон бусдыг хохирогч болохоос сэргийлнэ. Манай улсад сүүлийн гурван жилд 30 хүн энэ гэмт хэрэгт өртсөн статистик мэдээлэл бий. Гэхдээ энэ төсөл эхлэх үеэс уг гэмт хэрэгтэй холбоотой алба хаагчдыг маш сайн сургасан. Цагдаа, прокурор, шүүгч нэгдсэн ойлголттой байж энэ гэмт хэргийн яллагдагчдад тохирсон ял шийтгэл онооно.” гэлээ. Хүн худалдаалах гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, хүний халдашгүй байдалд ноцтойгоор халддаг, зохион байгуулалтай гэмт хэрэг юм. Манай улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан илтгэлүүдэд дурдагдаж байна. “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээний төслийн захирал Б.Дарьханд “Энэ компакт гэрээний хүрээнд Монгол Улсын төрийн болон ТББ-уудтай хамтарч ажиллаж байна. Уг гэрээг байгуулахаас өмнө АНУ-ын Засгийн газраас манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг үнэлсэн. Тухайн үед холбогдох байгууллагуудтай уулзаж, тусламж хэрэгтэй гэж үзэн, энэ гэрээг байгуулсан юм. АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын буцалтгүй тусламжаар санхүүжин хэрэгжиж байна. Хүн худалдаалах гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тооцдог. Ялангуяа хүүхэд өртсөн бол сэтгэцийн маш хүнд гэмтэл авдаг. Сэтгэлзүйн гэмтэл авсан хүүхэд урт хугацаанд илааршдаггүй. Төслийн хүрээнд нийгмийн хамгаалал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагуудад эдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах арга зүйг сургаж байна” гэлээ. Уулзалтад хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцлоо. Эх сурвалж

дэлгэрэнгүй

Хөдөлмөр хүнийг бүтээнэ

Танд юу хамгийн үнэ цэнтэй мэт санагддаг вэ? Таны гар утас уу? Эсвэл хэн нэгний өгсөн нандин бэлэг уу? Тиймээ хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй зүйл нь өөр өөр. Гэхдээ зөвхөн “Үнэ Цэнэ” — г биет зүйлээр тодорхойлдог гэвэл би лав итгэхгүй. Учир нь хүнийг хүн болгож амжилтад хүргэж, магадгүй түүнээс хүртсэн гавьяа шагналын гол үндэс суурь нь яахын аргагүй яг одоо танд бодогдож буй хөдөлмөр гэдэг зүйл. Сайн сайхан зүйл хөдөлмөр чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг гэж Философич Демокрит хэлсэн байдаг. Тэгвэл та сайн сайхныг бүтээхийг хүсвэл хөдөлмөрлөхөөс өөр сонголт байхгүй бөгөөд яг одоо юуг ч хүлээхгүйгээр эхэл. Яагаад ингэж хэлж байна вэ гэдгийг та миний хөдөлмөрлөсөн туршлагаас олж мэдэх болно . 2020 оны эхний сард англи хэлээ сайжруулах арга замыг хайж явсаар урьд өмнө нь огт хийж үзээгүй том сорилтой нүүр тулгарсан нь англиар ном унших байлаа. Хавтастай зузаан цаасан ном бус орчин үеийн цахим номын сан. Мэдээж тухайн номын сангаас өөрийн англи хэлний түвшинд тохирсон номыг олж уншсанаар би хэчнээн хэмжээний үг уншсан бэ гэдэг нь харагддаг. Х-READING цахим санг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлсэн Лингорс компаниас жил бүр нийт уншигчдын дунд зохион байгуулдаг Reading Marathon 2020 уралдаанд оролцох болсноор энэ бүхэн эхэлсэн юм даа. Анх Сургуулийн коридороор сэлгүүцэж явахдаа x-reading цахим номын сангийн үнэгүй эрх бэлэглэх зарлалыг хараад клубд орохоор шийдсэн юм.Мэдээж үнэгүй зүйлийг яаж зүгээр өгөхөв гэсэн шиг нэгэнт энэ клубд оръё гэж сэтгэл шулуудсан тулдаа бүтэн өдөржин хичээлээ ч хийхгүйгээр эсээ бичиж багшдаа өглөө. Удалгүй дугуйландаа тэнцэж анх удаа 50 үгтэй ,аудиотой, анхан шатны , мөн уншаад дууссаны дараа 5 асуултад хариулж шалгалт өгдөг тийм л номыг уншиж дуусгасан миний хувьд технологийн хөгжлийг гайхахын зэрэгцээ сонирхолтой санагдах тийм л зүйлийг анх удаа хийж үзсэн билээ. Марафон 2 сар үргэлжлэх бөгөөд бариандаа шалгарахын тулд 100.00 дээш үг уншсан байх шаардлагатай бөгөөд би ч ялна гэсэн элдэв бодолгүйгээр , надаас мундаг сурагчид олон байгаа миний хувьд амжилттай бариандаа ороход болно гэж ёстой л алтан дунджийг баримталсан даа. Нэг мэдэхэд номондоо уусаж өдөр бүр тасралтгүй уншдаг боллоо. Уралдаан зохион байгуулагч хамт олноос долоо хоног бүр бүх оролцогчдын тайлан мэдээг гаргадаг бөгөөд марафоны эхний долоо хоногт 300 гаруй сурагчаас 30р байранд орж аль хэдийн болзлоо хангасан байлаа. Үүнийг хараад үнэхээр их баярласандаа . Үүндээ ч урамшиж эхний 10 байранд орохын тулд өдөрт 100к үг унших зорилготой болсон юм . Гэхдээ би бууж өгөөгүй. Учир нь бас нэгэн долоо хоногийн тайлан мэдээгээр би 5р байранд 600К үг уншсанаар жагссан байлаа. Би бүр шоок гэдэг шиг амьдралдаа тэгж их баярлаж үзээгүй юм шиг .Анхнаасаа л бариандаа орвол боллоо гэсэн сэтгэлтэй би болзлоо 10 20 дахин өсгөж чадсандаа хэсэгтээ л итгэж өгөөгүй. Аргагүйдээ бараг теле хичээлээ ч хийлгүй өдрийн 5.6 цагийг тасралтгүй 2 сар утас ширтэн ном уншина гэдэг ямар том тэвчээр хийгээд , шаргуу хөдөлмөр байсан юм бэ гэдгийг маш сайн ойлгосон. Энэ явцаар тасралтгүй 3 сарын турш 2 марафонд амжилттай оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарсан. Зарим хүмүүс хөдөлмөрлөж мөнгө олдог бол харин би цаашдын миний амьдралд хэрэгтэй шавхагдашгүй тийм л хөдөлмөрийн үнэ цэнийг бүтээсэн. Цаг Хугацааг ухраавал тухайн үед би эрэл хайгуул хийж тухайн клубд ороогүй бол орсон ч магадгүй энэ цаасан дээр буулгах 1сая үг уншиж билээ гэсэн бичих дурсамжгүй. Шантраад замын голоос орхисон бол , хөдөлмөрийн үр шимийг амсаж үзээгүй , англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтаас айсан англи хэлний түвшин өсөөгүй , итгэлгүй, бор гэрийн богд болоод л суух байсан байх. Эцэст нь хэлэхэд хөдөлмөр хүнийг бүтээдэг. 3 сар тасралтгүй англи ном уншиж хөдөлмөрлөж шантралгүй өдийг хүрсэн тулдаа өөртөө маш том юуны хөрөнгө оруулалт хийсэн. 50 үгтэй номоос 30000 үгтэй номыг төвөггүй уншдаг болох хүртлээ хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд шантрах залхуурах үеүд зөндөө байсан ч огт зогсолгүйгээр бас марафоны дараа хүн хөдөлмөрлөвөл хүнээс ямар их агуу хүч гардаг вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон мөч байсан даа. Ингэж хөдөлмөр хүнийг бүтээдэг. Үүнд л хөдөлмөрийн үнэ цэн оршино.

дэлгэрэнгүй