АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Иракийн зэвсэгт хүчинд бүх цэргийн баазаа шилжүүлэн өгчээ. Энэ сарын 30-аас хойш тус улсад олон улсын эвслийн нэг ч цэргийн болон сургалтын бие бүрэлдэхүүн үлдэхгүй. Иракийн зэвсэгт хүчин эвслийн цэрэг бүрэн гарсны дараа нутаг дэвсгэртээ аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхэд бэлэн болжээ 2014 онд АНУ-ын санаачилгаар “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх зорилгоор олон улсын терроризмын эсрэг эвсэл байгуулагдсан. Мөн оны наймдугаар сард тус олон улсын эвсэл Ирак болон Сири дэх жихадистуудын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Тус эвсэлд 60 орон нэгдсэн бөгөөд үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй явагддаг байжээ.
Улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ тухай АҮЭБ-ийн яамны ТНБД Б.Дашпүрэв хэлэхдээ “Улсын хэмжээнд дунджаар 20 хоногийн нөөцтэй болсон үед түгээлт жигдэрч, дугаарлалт арилна. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн нөөцтэй байгаа учраас нийлүүлэлт жигд бус, түр зуурын хүндрэл гараад байна” гэсэн юм. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 95 ШТС-нд 1135 тонн, орон нутгийн 42 ШТС-нд 556 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагон цистерн буюу 7,680 тонн АИ-92 автобензиний үлдэгдэлтэй байна. Үүнээс 86 вагон буюу 5,160 тонн нь Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөнд хүрээд байгаа аж. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны хэмжээ буурсан нь дотоодын зах зээлд хомстол, дугаарлалт үүсэх шалтгаан болсон байна. Ойрын өдрүүдэд ОХУ-аас хийх ачилтын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгааг мэдээллээ.