• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

ФРАНЦАД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ШИЛЖИЖ, 2000 ГАРУЙ ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Францын нийслэл Парис болон бусад томоохон хотод амьжиргааны өртгийн өсөлт, боловсролын салбарын хүндрэл, төрийн үйлчилгээний чанарыг эсэргүүцсэн жагсаал аравдугаар сарын 18-нд хоёр дахь өдрөө үргэлжилж, зарим газарт цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарлаа. Парис хотын Бүгд Найрамдах Улсын талбай орчимд хэдэн зуун хүн дахин цугларч, зарим нь унадаг дугуй, хогийн сав болон бусад эд зүйлсийг шатаасан байна. Мөн дэлгүүрүүдийг эвдэн сүйтгэж, бараа бүтээгдэхүүн дээрэмдсэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цагдаа нар эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн анх багшийн хүрэлцээ муу, сургуулийн орчин нөхцөл хангалтгүй байгааг эсэргүүцсэн сурагчдын жагсаалаас эхэлсэн юм. Улмаар амьжиргааны өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээ доройтож байгаад сэтгэл дундуур иргэд, үйлдвэрчний эвлэлүүд нэгдсэнээр улс даяар өргөжжээ. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аравдугаар сарын 17-нд улс даяар зохион байгуулсан 110 орчим жагсаалд 550 мянган хүн оролцсон бол зохион байгуулагчид энэ тоог 800 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн байна. Жагсаалын дийлэнх нь тайван болсон ч Парис, Марсель, Лион, Бордо болон Лимож хотод хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарчээ. Хамгийн ноцтой үйл явдлын нэг нь Лимож хотод болж, 19 дүгээр зууны үеийн хотын захиргааны түүхэн барилга галд өртөн, дээвэр нь нурж, их хэмжээний хохирол учирсан байна. Аравдугаар сарын 18-ны байдлаар улс даяар 2000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд цагдаа, гал сөнөөгч, түргэн тусламжийн ажилтнууд нийлсэн 500 орчим хүн гэмтсэн талаар Францын эрх баригчид мэдээлжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчирхийлэл, дээрэм тонуулыг эрс буруушааж, олон нийтийн болон төрийн өмчид хохирол учруулсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Францад амьжиргааны өртөг, нийгмийн тэгш бус байдал болон төрийн үйлчилгээний асуудлаарх иргэдийн бухимдал нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд эрх баригчдын өмнө нийгэм, эдийн засгийн томоохон сорилт үүсгээд байна.

дэлгэрэнгүй

Ши, Трампын уулзалтын өмнө гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна

НХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр хоёр тал хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Ши Жиньпин энэ сарын 24-нд Вашингтонд айлчилна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотноо айлчилж байсан билээ. АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эвлэрлийг сунгах төлөв улам тодорхой болж байна. Талууд зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна. Эдгээр арга хэмжээг урьдчилан боловсруулсан 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг харилцан бууруулах төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Үүнтэй зэрэгцэн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй уулзахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоодугаар сард Хэ Лифэн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй уулзан, хоёр улсын эдийн засгийн харилцааны асуудлаар хэлэлцээ хийж байжээ. Бессентийн мэдээлснээр, Вашингтон Бээжингээс газрын ховор элемент, хөдөө аж ахуйн бүтээгдэхүний талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн, талууд эдийн засгийн харилцааны тэнцвэрийг хангах үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохирсон байна.

дэлгэрэнгүй

Япон, БНСУ-г цөмийн зэвсэгтэй болохоор зорьж буйг буруутгав

Япон, БНСУ нь цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж, цөмийн зэвсэгтэй болохоор зорьж байна гэж БНАСАУ-ын батлан хамгаалахын дэд сайд Ким Ган Иль Бээжин хотноо болж буй 13 дахь удаагийн Сяншанийн аюулгүй байдлын форум дээр мэдэгджээ. БНАСАУ нь бүс нутагт энх тайвныг сахиулахын тулд боломжтой бүхий л хүчин чармайлт гаргаж байна. Тус улс нь аливаа асуудалд энхийн замаар шийдвэрлэх байр сууринаас хандан, найдвартай аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим дээр тулгуурлан хурцадмал байдлын голомт болсон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хүчин чахмайлт гаргасаар ирсэн гэж онцолжээ. Тэрбээр, сүүлийн үед дэлхийн энх тайван, тогтвортой байдлын үндэс суурь АНУ болон түүнийг “дагалдагч орнуудын зүгээс явуулж буй тонон дээрэмдэх, геополитикийн хязгааргүй шуналаас” болж ганхан, БНАСАУ-ын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэжээ. БНАСАУ нь дайсагнагч хүчийг сөрөн зогсох цөмийн гүрэн байсаар байна гэж Ким Ган Иль онцлон тэмдэглэжээ. Тус улс нь шударга ёс, тусгаар тогтнолыг эрхэмлэдэг бусад улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлж, олон улсын шударга дэг журмыг тогтоох зорилгоор их гүрний ноёрхол, нэг талыг барьсан аливаа үйлдлийг хамтран сөрнө гэв. Сяншанийн форумыг 2006 оноос хойш Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академиаас жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 100 орчим улс, бүс нутаг болон олон улсын байгууллагын хоёр мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

дэлгэрэнгүй