Францын нийслэл Парис болон бусад томоохон хотод амьжиргааны өртгийн өсөлт, боловсролын салбарын хүндрэл, төрийн үйлчилгээний чанарыг эсэргүүцсэн жагсаал аравдугаар сарын 18-нд хоёр дахь өдрөө үргэлжилж, зарим газарт цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарлаа.
Парис хотын Бүгд Найрамдах Улсын талбай орчимд хэдэн зуун хүн дахин цугларч, зарим нь унадаг дугуй, хогийн сав болон бусад эд зүйлсийг шатаасан байна. Мөн дэлгүүрүүдийг эвдэн сүйтгэж, бараа бүтээгдэхүүн дээрэмдсэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цагдаа нар эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн анх багшийн хүрэлцээ муу, сургуулийн орчин нөхцөл хангалтгүй байгааг эсэргүүцсэн сурагчдын жагсаалаас эхэлсэн юм. Улмаар амьжиргааны өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээ доройтож байгаад сэтгэл дундуур иргэд, үйлдвэрчний эвлэлүүд нэгдсэнээр улс даяар өргөжжээ.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аравдугаар сарын 17-нд улс даяар зохион байгуулсан 110 орчим жагсаалд 550 мянган хүн оролцсон бол зохион байгуулагчид энэ тоог 800 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн байна. Жагсаалын дийлэнх нь тайван болсон ч Парис, Марсель, Лион, Бордо болон Лимож хотод хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарчээ.
Хамгийн ноцтой үйл явдлын нэг нь Лимож хотод болж, 19 дүгээр зууны үеийн хотын захиргааны түүхэн барилга галд өртөн, дээвэр нь нурж, их хэмжээний хохирол учирсан байна.
Аравдугаар сарын 18-ны байдлаар улс даяар 2000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд цагдаа, гал сөнөөгч, түргэн тусламжийн ажилтнууд нийлсэн 500 орчим хүн гэмтсэн талаар Францын эрх баригчид мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчирхийлэл, дээрэм тонуулыг эрс буруушааж, олон нийтийн болон төрийн өмчид хохирол учруулсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.
Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Францад амьжиргааны өртөг, нийгмийн тэгш бус байдал болон төрийн үйлчилгээний асуудлаарх иргэдийн бухимдал нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд эрх баригчдын өмнө нийгэм, эдийн засгийн томоохон сорилт үүсгээд байна.
Хариулт үлдээнэ үү