• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2023.09.17/ хуралдаж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой санал, байр сууриа нэгтгэлээ. Бүлгийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, нийслэлийн хөгжлийн 2027 оны  төлөвлөгөөнд тусгагдсан ажил, төсөв санхүүжилт, тэдгээрийн үр өгөөжийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, 2027 онд нийслэлд хэрэгжүүлэх зарим онцлох ажлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр өнгөрсөн зун нийслэлд хур тунадас их орсонтой холбоотойгоор үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг ханган ажилласныг дурдаад цаашид үер, усны эрсдэлийг зөвхөн хүн хүчний нөөцөөр шийдвэрлэх бус техник, технологид тулгуурласан цогц шийдлээр ажиллах зорилт тавьж байгаа гэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусны буудал дээр иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Бүлгийн хуралдааны үеэр, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих соёл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох шаардлагатайг хөндсөн юм. Тухайлбал, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон нийтэд чиглэсэн мэдээлэл болон нөлөөллийн ажил, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нарийвчлан тусгах хэрэгтэй гэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү