• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна

Өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, АШУҮИС-иуд хамтран “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн албаны удирдлагууд болон төлөөлөгчид бусад эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Хурлын үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нэгэн зорилгын дор цугларсан эмийн салбарын эрдэмтэн мэргэд, багш, судлаач, зочид, төлөөлөгч нартаа талархал илэрхийлье. Дэлхий дахинд эрүүл мэнд, эм зүй, технологи хурдацтай хөгжиж, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, инноваци, шинэ арга, хандлага тасралтгүй бий болж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж  буй “Алсын хараа 2050” хөтөлбөрийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлагийг байгуулах, эмийн импортыг бүрэн цахимжуулах, чанарын лабораторийг бэхжүүлэх, экспортыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн салбарт дэвшил авчрах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр Польш Улсаас эрдэмтэн, мэргэд ирж олон улсын хурлыг хамтран зохион байгуулж байна. Монгол, Польш Улсын хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах, эмийн үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортын орчинг дэмжих таатай орчин бүрдэнэ гэж харж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Хариулт үлдээнэ үү